Эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 2019 оны 2-р сараас эхэлж хэрэгжүүлсэн “Монг-ПЭН” буюу “Зүрх судасны өвчний эрсдэлд суурилсан менежмент” төслийн хэрэгжилтэд дэмжлэг хяналтыг хийж байна.
Үүнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Др.Сергей Диордица, эрүүл мэндийн тогтолцооны асуудал хариуцсан зохицуулагч Др.Моника Фонг, мэргэжилтэн Э.Эрдэнэчимэг, Халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн С.Болормаа, Монг-Пен төслийн үндэсний зөвлөх Г.Цэцэгдарь болон Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Ц.Хандармаа, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн албаны дарга С.Гэрэлмаа, мэргэжилтэн Б.Идшинхорлоо, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн мэргэжилтэн Б.Болдбаатар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэргэжилтэн Ж.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй баг ажиллав.
Дэмжлэгт хяналтын үйл ажиллагааны хүрээнд Монг-ПЭН төслийн хэрэгжилтэд үзүүлж байгаа техникийн туслалцаа, эрүүл мэндийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагад халдварт бус өвчин, зүрх судасны өвчнөөс сэргийлэх тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, төслийн цахим програмын ашиглалт, цусны даралт ихдэлт, чихрийн шижин өвчний оношлогоо, эмчилгээний стандарт удирдамж сэдвүүдээр чадавхижуулах сургалтыг зохион байгуулж, 40 гаруй удирдлага, эмч мэргэжилтнүүд оролцлоо.
Төслийн дэмжлэгт хяналтыг Орхон сумын эрүүл мэндийн төв, Түвшинхолбоо, Медстоб, Гэрэлтэй, Аминхолбоо,Госхот өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хийж, зүрх судасны өвчний эрсдлийг тодорхойлох, эрсдэлд суурилсан тусламж үйлчилгээ, анхан шатны бүртгэл маягтын хөтлөлт, цогц тусламж үйлчилгээний зохион байгуулалт, багийн үйл ажиллагаа, эмч мэргэжилтнүүдийн ойлголт, тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн байдал зэрэгт хийж зөвлөн туслав.
Энэхүү төсөл нь хүн амын дунд тархалт ихтэй байгаа зүрх судас, артерийн даралт ихдэлт, чихрийн шижин зэрэг өвчний өвчлөл, нас баралтыг бууруулах, эдгээр өвчлөлийн үед үзүүлэх эрт илрүүлэг үзлэг, эрсдлийн үнэлгээ, оношлогоо, эмчилгээ, зөвлөгөө, хяналтын багцыг хэрэгжүүлэх менежментийг сайжруулах, улмаар эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах зорилготой.
Ийнхүү тус төслийн дэмжлэгт хяналт хийгдэж, зөвлөмжийн дагуу 9 сар хүртэл үйл ажиллагааг үргэлжлүүлэх юм.