70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

Цэргийн төв эмнэлэг дэвшилтэт технологид суурилсан, чанартай, аюулгүй тусламж, үйлчилгээг тэгш, шуурхай хүргэхийг зорьж байна

Эрүүл мэндийн яамнаас “Байгууллагын хөгжлийн төлөвлөлт” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр “Цэргийн төв эмнэлэг”-ийн дарга-ерөнхий эмч хурандаа С.Батболд байгууллагынхаа үйл ажиллагааны төлөвлөгөө, зорилтыг танилцууллаа.
Цэргийн төв эмнэлэг нь 1921-онд “Өвчтэй хүнийг эмчлэх хороо” нэртэйгээр байгуулагдаж байсан. Тус эмнэлэг нь “Батлан хамгаалах тухай хууль”, “Зэвсэгт хүчний тухай хууль”,“Төрийн албаны тухай хууль”,“Цэргийн албаны тухай хууль” зэрэг хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагдаж байдгаараа бусад эмнэлгүүдээс  ялгаатай.
Тус эмнэлэг нь:
–       Батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүн, алба хаагчид, тэдний ар гэр, ахмад дайчид, цэргээс тэтгэвэр чөлөөнд гарсан ахмадуудад   эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж
–       Улсын хэмжээнд хурц хордлогын яаралтай тусламж
–       Улсын хэмжээнд галт зэвсгийн хөнөөлөөс үүссэн гэмтлийн тусламж, Улаанбаатар хотын хэмжээнд хутга, мэсний үйлчлэлээс үүссэн гэмтлийн тусламж
–       Баянзүрх дүүргийн 8 хороодын болон Батлан хамгаалах салбарын албан хаагчдын гэр бүлд хүүхдийн эмнэлгийн тусламж
–       Цэргийн алба хаагчийн ар гэрт  эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж
–       Баянзүрх, Багахангай дүүргийн иргэдэд яаралтай болон төлөвлөгөөт мэс заслын төрөлжсөн тусламж үйлчилгээг үзүүлдэг.
Одоогоор Цэргийн төв эмнэлэг нь тусгай дэглэмийн хүрээнд гадаадын улс орнуудаас 70 удаагийн тусгай үүргийн онгоц болон 6 удаагийн газрын татан гаргалтаар ирсэн нийт 800 гаруй иргэнийг хүлээн авч, халдварын батлагдсан болон сэжигтэй 26 иргэнийг илрүүлж, 780 гаруй иргэдэд урьдчилан сэргийлэлт, ажиглалт, тандалт, хяналтыг хийн тусгаарлалтад авч, 300 гаруй иргэд, үйлчлүүлэгчдэд 20 гаруй төрөлжсөн нарийн  мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлээд байна.
2016 онд тус эмнэлэг 19,6 мянган м2 талбайтай орчин үеийн технологи бүхий шинэ байртай болсон. Мөн 2 үе шаттай хэрэгжсэн төслийн хүрээнд сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдээр хангагдсан байна.
Тус эмнэлэг нь цаашид Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанараа улам сайжруулж, эерэг зан үйл, уур амьсгал бүрдүүлж, хэрэглэгчдийн сэтгэл  ханамжийг нэмэгдүүлэх, чанарын удирдлагын тогтолцоогоо оновчтой болгож, эрсдэлгүй орчин бүрдүүлэн, хэрэглэгч төвтэй, дэвшилтэт технологид суурилсан, чанартай, аюулгүй тусламж, үйлчилгээг тэгш, шуурхай хүргэхийг зорилгоо болгосон байна. Мөн өндөр хөгжилтэй цэргийн эмнэлгийн жишиг чиг хандлага, дэвшилтэт технологид суурилсан тусламж, үйлчилгээг үзүүлдэг болохоос гадна шинэ дэвшилтэт технологийн нэвтрүүлэх замаар цахим эмнэлэг болохоор зорьж байна.