АНУ-ын Элчин сайдын яамнаас КОВИД-19 халдвараас сэргийлэх эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан хувийн хамгаалах хэрэгсэл болон түргэвчилсэн оношлуур хандивлаж байгааг Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн ноён Грегори Мэй өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө. Уг арга хэмжээнд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл болон ЭМЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцов.Тусламжийг хүлээн авах үеэр Эрүүл мэндийн Дэд сайд М.Баттүвшин АНУ-ын Элчин сайдын яам, тус улсын Батлан хамгаалах яамны Иргэн-цэргийн дэмжлэг багт хувийн хамгаалах хэрэгслийг хандивлаж байгаа нь цаг үеэ олсон нэн чухал арга хэмжээ болж байгаад талархал илэрхийлж, эдгээр хувийн хамгаалах хэрэгслийг эрүүл мэндийн холбогдох байгууллагууд руу нэн яаралтай хүргүүлэхээ мэдэгдэв. Дэд тэргүүн Грегори Мэй хэлэхдээ АНУ-ын Батлан хамгаалах яамнаас нийт 360,000 ам.доллар буюу 1 тэрбум 28 сая 273 мянган төгрөгийн үнэ бүхий халдвараас сэргийлэх хувийн хамгаалах хэрэгсэл болон түргэвчилсэн оношлуурыг Монгол Улсын ЭМЯ, Цэргийн төв эмнэлэг болон Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-II-т тус тус хүлээлгэн өгч байгаа ба эдгээр хэрэгсэл нь КОВИД-19 халдварын эсрэг тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтныг халдвараас сэргийлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн тус улсын БХЯ-наас Иргэн-цэргийн дэмжлэг багаар дамжуулан Монгол Улсад хүмүүнлэгийн чиглэлээр тодорхой ажлууд хийж байгаа ба энэ жилийн тухайд 2 цэцэрлэг барихаар төлөвлөсөн байна. Тэрээр энэхүү хандив туслалцаа нь Монгол, АНУ хоорондын стратегийн түншлэлийн хамгийн бодит жишээ болж байна гээд Монгол Улсын Засгийн газраас шинэ коронавируст халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагаанууд үр дүнтэй байгааг сайшаав.