Өнөөдөр Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт мэдрэл, зүрх судасны эмгэгүүдийг оношлох, эмчлэх Б-План ангиографийн тоног, төхөөрөмжийг сурилуулан шинээр үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. Мөн Мэдрэлийн эмнэлзүйн төвийн мэс заслын тасгийг шинээр нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УНТЭ-ийн ерөнхий захирал Н.Лхажий, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэдсүрэн, ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, ЭМЯ-ны санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Нарантуяа болон бусад холбогдох албаныхан оролцлоо. Манай улсын эмнэлгүүдэд сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж дутмагаас болж иргэд гадаад руу зорьж оношилгоо, эмчилгээнд орох явдал их байсан бол одоо ЭМЯ-аас гадагшаа явах урсгалыг багасгах, эх орондоо оношилгоо, эмчилгээгээ хийлгэдэг болгох боломжуудыг бий болгож байна. Үүний нэг нь өнөөдөр УНТЭ-т шинээр ашиглалтад орж буй хамгийн сүүлийн үеийн Б-План ангиографийн тоног төхөөрөмж юм. Нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнсайхан хэлсэн үгэндээ “Өнөөдөр Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт судсан доторх оношилгоог хийх зориулалттай Б-План ангиографийн аппаратыг шинээр нэвтрүүлж, эмчилгээ, оношилгоонд ашиглаж эхэлж байна. Улсын хэмжээнд УГТЭ-т ангиографийн ганц аппарат байсан бол өнөөдөр УНТЭ-т хамгийн сүүлийн үеийн технологийн шинэчлэлтэй програм хангамж бүхий олон үйлдэлтэй тоног төхөөрөмжийг үйл ажиллагаа ашиглахад бэлэн боллоо. Ингэснээр УГТЭ-ийн ачааллыг хуваалцах, төвлөрлийг сааруулах ажил биеллээ олж, тус эмнэлгийн ачаалал нэг дахин багасах боломжтой болж байна гэсэн үг. Учир нь улсын хэмжээнд уг аппаратаар үйлчлүүлэх шаардлагатай байгаа хүмүүс судас нь дотор оношилгоо, эмчилгээг одоо УНТЭ-ээс авах боломж нь бүрдэж байна. Эрүүл мэндийн салбар төвлөрлийг сааруулах, чанартай хүртээмжтэй эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяа эмнэлэг, орон нутгаасаа авдаг болох зорилт тавин ажиллаж байгаа. Нөгөө талаас олон улсын стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмж ашиглан эмнэлгийн тусламж, үйлчилгээг ард иргэддээ үзүүлэх боломжтой болж, улсын хэмжээнд судсан доторх оношилгоо, эмчилгээний үйлчилгээ нэг шат ахилаа гэж харж байна. Түүнчлэн цаашид бид энэ үйлчилгээг УХТЭ-т нэвтрүүлнэ. Мөн энэ аппарат мэдрэл, зүрх судасны яаралтай тусламжийн үед ашигладаг бөгөөд алслагдсан аймгуудаас үйлчлүүлэгч хот руу ирэх гэж цаг алдсанаас болоод амь насанд аюул учирч болзошгүй эрсдэл байсан. Тиймээс ирэх ондоо багтаж Б-План ангиографийн аппаратыг хөдөө, орон нутгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдэд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байна. Энэ ажлын хүрээнд хүний нөөцөө сургаж эхэлсэн. Ирэх оноос ард иргэд цаг алдалгүйгээр орон нутагтаа энэ төрлийн тусламж үйлчилгээг авах боломжтой болно” гэдгийг онцлов. УНТЭ-ийн Ерөнхий захирал Н.Лхажий: УНТЭ нь УГТЭ-ийн ачааллыг хуваалцах, төвлөрлийн сааруулах үүднээс манай эмнэлэг зүрхний шигдээсийн нэгжтэй, мэдрэлийн эмнэл зүйн төвтэй болж үйл ажиллагаа явуулж байна. Энэ хүрээнд үйл ажиллагаа, эмчилгээ үйлчилгээгээ улам өргөжүүлэн Монголд анх удаа Б-План ангиографийн шинэ загварын тоног төхөөрөмжийг Дүрс оношилгооныхоо төвд суурилууллаа.. Энэхүү шинэ загварын хоёр рентген толгойтой аппаратыг ЭМЯ-ны санхүүжилтээр авч байна. Ингэснээр үйлчлүүлэгчийн судсан доторх болон судаснаас гадна бүхий л төрлийн ангиографийн ажилбарт оношилгоо болон эмчилгээнүүдийг хийх боломжтой болж байна. Түүнчлэн манай эмнэлэг мэдрэлийн мэс заслын тасгаа өнөөдөр шинээр ашиглалтад оруулж байна. Ингэснээр УГТЭ -ээс гадна манай эмнэлэг мэдрэл, зүрх судасны бүх талын эмчилгээ, үйлчилгээг үзүүлэх боломжтой болж байгаа юм. Одоо манай эмнэлэг зүрхний шигдээсийн нэгж, Мэдрэлийн эмнэлзүйн төв, мэдрэлийн мэс заслын тасаг гээд иж бүрэн тусламж, үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлж өгч байгаагаараа онцлог юм. Б-План ангиографийн давуу тал:Үйлчлүүлэгчдэд тодосгогч бодисын хэрэглээг бууруулнаЭмчилгээний хугацаа болон цацрагт ажиллах хугацаа хэмнэхЭмч болон үйлчлүүлэгчдэд хүрэх цацраг туяаны ачааллыг бууруулнаХамгийн бага цацрагийн тунгаар хамгийн орчин үенийн өндөр чанарын зураг авнаЭмнэлзүйн ач холбогдол:Дээрхи ангиографийн кабинет нь эмнэлзүйн үйл ажиллагаанд тогтмол орсноор эмчилгээ болон оношилгооны хувьд олон давуу талууд бий болж байна.Ангиографийн шинэ аппарат нь 20 инчийн хэмжээтэй том детектортой тул нэн ялангуяа зүрхний болон мэдрэлийн ангиографи хийх үед тухайн эрхтэн бүтэн шинжлэх боломжтой.Үйлчлэх хүрээний хүн амд үзүүлэх тусламж үйлчилгээ.Энэхүү аппарат нь үйл ажиллагааны болон чанарын хувьд өндөр түвшний гүйцэтгэл үзүүлснээр ард иргэдэд түргэн шуурхай, аюулгүй, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд оршино.