Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн газраас хэрэгжүүлж буй “Чийрэгжүүлэн эрүүлжүүлэх” хүүхдийн зуны сувилал энэ сарын 13-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Эрүүл мэндийн газрын даргаар ахлуулсан “Дотоод хяналтын баг” өнөөдөр тус сувиллын үйл ажиллагааны нөхцөл байдалтай танилцаж, удирдлагын арга зүйгээр ханган, сувилалд хамрагдаж байгаа хүүхдүүдийн эцэг эх асран хамгаалагч нартай уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсож ажиллалаа. Энэхүү сувиллын үйл ажиллагаагаар дамжуулан хүүхдийг зуны улиралд нар, ус, агаараар чийрэгжүүлэн эрүүлжүүлэх мөн цус багадалт, сульдаа, тураал зэрэг суурь өвчинг бууруулах, дархлааг сайжруулах, эцэг эхчүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох зорилготой. Сувилалд 0-5 насны суурь өвчтэй, өвчлөмтгий хүүхдүүдийг өрхийн эмчийн тодорхойлолтын дагуу хүлээн авч, эмчилгээний заалт бичиж,/ Хооллолт-сүү цагаан идээ, айраг шар сүүнд оруулах, бүх биеийн ба хэсэгчилсэн иллэг, массаж хийх, нарны туяаны тусламжтайгаар эмчлэх/ төлөвлөгөөтэйгээр чийрэгжүүлнэ. Мөн эцэг эхчүүдэд тусгай хөтөлбөрийн дагуу Хүүхдийн асаргаа сувилгаа,Эрүүл зөв хооллолт, Амьсгалын замын өвчнүүд, Суулгалт өвчнөөс сэргийлье, Чихний өвчин, Сульдаа өвчнөөс сэргийлье, Цус багадалт,аюултай ерөнхий шинжүүд зэрэг сургалтуудыг зохион байгуулж байна.