Дэлхий дахиныг багагүй сандаргаж буй коронавируст халдвар хүн төрөлхтөний дунд дэгдээд 10 сар гаруй хугацааг үдээд байна. Саяхан мэт боловч өнгөрсөн хугацаанд дэлхийн иргэд бид нэгдмэл нэг зорилготой нэгэн цул болсон мэт. Улс үндэстэн хил хязгаар харгалзалгүй “Ковид-19” хэмээх энэ нэршил хүн бүрийн мэддэг сэдэв болж хэрхэн хохирол багатайгаар даван туулах арга замыг хайж улс орон иргэн бүр дор бүрнээ чармайн ажиллаж байна. Үүний нэгэн тод жишээ бол Монгол Улсын Шадар сайдын тушаалаар томилогдсон ажлын хэсэг өнгөрсөн 9 дүгээр сараас эхлэн 21 аймгуудын шуурхай штабын баг бүрэлдэхүүнийг чадвахжуулах, гамшгийн үеийн бэлэн байдлыг хангуулах сургалтыг эхлүүлсэн явдал билээ. Өнөөдөр тус баг хамт олон 7 дахь аймаг болох Чингис хааны өлгийн нутаг Хэнтий аймагт ажиллаж байна.