70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

‘’Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хариу арга хэмжээ’’ сэдэвт цахим хурал боллоо

2017 оны Үндэсний статистикийн газрын “Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаагаар’’ бие махбодийн болон бэлгийн хүчирхийлэл 31.2%, хүчирхийллийн аль нэг хэлбэрт өртсөн гэсэн нь 57.9 хувьтай байгаа бол бие махбодийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйн 44.9 хувь нь бэртэл гэмтэл авч байна  гэсэн судалгааны дүн гарсан нь  хүчирхийлэл буурахгүй байгааг харуулж байна. 2020 онд  КОВИД-19 цар тахал гарсантай холбоотойгоор гэр бүлийн хүчирхийллийн тохиолдлын дуудлага мэдээлэл 2 дахин өссөн үзүүлэлттэй байна. Гэр бүлийн хүчирхийлэл нь КОВИД-19  тахалтай  зэрэгцэн сүүдрийн цар тахал байдлаар нэмэгдсээр байна. 
Монгол Улсын Засгийн газрын зүгээс хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тууштай тэмцэх чиглэлээр нийгмийн салбар бүрийг оролцуулан ажиллаж байгаа бөгөөд “Гэр Бүлийн Хүчирхийлэлтэй Тэмцэх тухай хууль”-ийн 15, 27 дугаар зүйлд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын болон эрүүл мэндийн ажилтны чиг, үүргийг тодорхойлж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ  болон сэтгэл заслын үйлчилгээг үзүүлэх, нууцыг хадгалах үүргийг хуульчилсан.  
Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүнийг илрүүлэх, яаралтай болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх, эмнэлгийн мэргэжилтний ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт, давтан сургалтыг зохион байгуулахыг тус хуулиар үүрэг болгосон. Тухайлбал Эрүүл мэндийн сайдын 2017 оны 10-р сарын 12-ны өдрийн А/394 тушаалаар Хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх журам, Хохирогчид сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх журам, Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд эмнэлгийн болон сэтгэл зүй, сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх журам тус тус батлагдсан бөгөөд дээрх 3 журмыг өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн ажилтнууд дагаж мөрдөнө гэж заасан байдаг.
 
Нийслэлийн алслагдсан дүүргүүдэд үйл ажиллагаа явуулж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хүчирхийллийн хохирогчдод эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, ёс зүйн хэм хэмжээг баримтлах, үйлчлүүлэгчийн нууцыг хадгалах, гэр бүлийн хүчирхийллийг илрүүлж, мэдээлэх, гарч болзошгүй аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх болон холбогдох хууль эрх зүйн мэдлэг хангалтгүй  байгаатай холбоотойгоор эрүүл мэндийн байгууллага доторх болон бусад салбартай хамтран ажиллах зохион байгуулалтыг оновчтой болгох, эмч, эмнэлгийн ажиллагсдын мэдлэгийг сайжруулах шаардлагатай байгаа тул ДЭМБ-ын техникийн дэмжлэгээр СЭМҮТ, НЭМГ-тай хамтран “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэлт, хариу арга хэмжээ” сэдэвт цахим сургалтыг 2021 оны 03 сарын 12-нөөс 03 сарын 18-ны өдрийг дуустал ажлын 5 өдөрт багтаан Нийслэлийн алслагдсан дүүрэг болох  Багахангай, Багануур, Налайх, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн 1,000 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан цахимаар зохион байгуулж байна.
Уг сургалтыг хийснээр гэр бүлийн хүчирхийллийг эрүүл мэндийн салбарт  эрт шатанд нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх, холбон зуучлах, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх мэдлэг чадвартай болж салбар хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоо сайжирна.
 
БУСАД ХҮН МЭДЭЭЛНЭ ГЭЖ ХҮЛЭЭХГҮЙГЭЭР ТА ЗААВАЛ МЭДЭЭЛЛЭЭРЭЙ. ХҮЧИРХИЙЛЛИЙН ХАЖУУГААР ДУУГҮЙ ӨНГӨРӨХӨӨ БОЛЬЦГООЁ !!!