“Хууль хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 417 дугаар тогтоол, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс Эрүүл мэндийн газрын бүтцэд нийт 6 улсын байцаагчийн орон тоотой Хяналт шалгалтын хэлтэс зохион байгуулагдсан.
Тус хэлтэс нь Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, тус бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааг баримтлан аймгийн хүн амын эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах, сурч хүмүүжих нөхцөл хангагдаж байгаад хяналт шалгалт хийж, түүхий эд, бараа бүтээгдэхүүн, бодис бэлдмэлийн эрүүл ахуй, хүрээлэн буй орчин, хүнсний худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хүүхдийн байгууллага, эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг үнэлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрэгжүүлэх замаар хүний аюулгүй байдлыг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.